Thursday, July 22, 2010

Эх нутгийн гийчин - Ц. Саранцэцэг




Ц.Саранцэцэг: “Хүнийг хэдий чинээ их баярлуулна, төдий чинээ таны гэрлэн бие бат бөх болно”


“Танд хэрэгтэ” сэтгүүлд “Шри шри” амьдрах урлаг, бясалгалын төвийн тэргүүн Ц.Саранцэцэгийн өгсөн ярилцлагаас хүргэе.
Тх: Таны бодлоор аз жаргалтай зөв сайхан амьдрахын тулд хүн юун дээр анхаарах ёстой вэ?


Ц.С: Хамгийн гол нь хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэх, мэдрэх явдал. Энэ нь бүх хөгжлийн эхлэл болдог. Би ямар учиртай төрчихөв, би юу хийж чадах вэ гэх зэргээр өөрийнхөө давуу талуудыг мэдэрч, ямар их үнэ цэнэтэйгээ ухаар.
Т.х: Үнэ цэнээ мэдэрсэн ч аз жаргалгүй буруу амьдраад байвал яах уу?

Ц.С:Ер нь бол хүн гурван л юм хийж амьдардаг. 1-рт амьдрал дээр болж буй бүгдийг тусгаж авдаг. Жишээлбэл, цонхаар хараад өнөөдөр жаахан бүүдгэрдүү өдөр байна гэж бодох юмуу, энэ нь гадаад орчны талаарх мэдээлэл таньд очиж байна гэсэн үг. Дараа нь тусгаж авсан тэр мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж бодох үйлдэл. Хүмүүс зузаан хувцастай байхыг бодоход гадаа сэрүүвтэр байна гэж бодох мэтээр. Үүний дараа хариу үйлдэл үзүүлэх гуравдахь үйлдэл. Гадаа хүйтэн байгаа учираас дулаан хувцасаа өмсөх жишээтэй. Хэрэв энэ 3 үйлдлийн нэгийг л буруу хийчихвэл нөгөө 2 нь ч гэсэн буруудчихдаг. Буруугаар тусгаж аваад, буруугаар бодоод, буруу хариу үйлдэл үзүүлчихвэл буруу амьдрал болж байгаан. Тэгэхээр буруу хийв үү, зөв хийв үү гэдгээс чинь шалтгаалж чамайг сайн хүн, эсвэл муу хүн гэж дүгнэдэг.


Т.х: Тэгвэл буруу амьдарч байгаагийн хамгийн эхний шинж тэмдэг юу вэ?

Ц.С: Бусдыг аялан дагаж, дуурайж амьдарна гэдэг хамгийн эхний шинж. Би тийм хүмүүсийг хараад уураг тархигүй хүүхэлдэй юм даа гэж боддог. Өөрийн гэсэн үнэ цэнэ байхгү, өөрийн гэсэн бодол байхгүй, ийм байдал буруу амьдралд хүргэдэг.


Т.х: Хүмүүс яагаад сайхан амьдарч чадахгүй байна вэ?


Ц.С:Хүний сэтгэл атаа жөтөө, хорсол зэвүүцэл, уур хилэн гэсэн гурван зүйлээс болж гашилдаг. Гашлангуутаа амьдралаас олж харах ёстой сайн сайхан юмнуудыг яг тэр үедээ мэдэрч чадахаа больчихдог. Өөрөөр хэлбэл тэр хэсэг мөчид сэтгэл нь сохор болчихдог гэсэн үг. Жишээлбэл, би урьд нь хэн нэгэн гудамжинд шүлсээ хаяхад ёстой дургүй шүрч, маш их эгдүүцдэг байлаа. Энэ дээр нөгөө үнэ цэнээ мэдэх гэсэн юм гарч ирнэ. Одоо бодоод байхад би ямар тэр хүнийг хүмүүжилдэг хүн биш, эсвэл гудамжны цэвэрлэгч биш, миний хувьд тэр хүнийг хараад зэвүүцэж бухимддаг маань илүүл зан байж. Надаас өөр хүн тэгж хардаггүй, төдий чинээгээрээ амьдралаас сайхан юмаа авдаг л гэсэн үг. Харин би шүлсээ хаясан тэр хүнийг хараад зэвүүцэж байх үедээ амьдралаас олж авах ёстой өөр сайхан зүйлээ мэдэрч чадахаа байчихаж байгаа хэрэг. Тэгэхээр амьдралынхаа сайхан зүйлийг хэн нэгэн хүний таалагдаагүй үйлдлээс болж алдаж болохгүй.

Т.х: Шашны талаар таны бодол.

Ц.С:Шашин бол хүний оюун ухааны хөгжлийг дээш нь татаж явдаг зүйл гэж би боддог. Тэгээд шашин дотроо хамгийн сайн хөгжсөн нь буддизм. Янз янзын шашины урсгал орж ирж байгааг иргэн хүнийхээ хувьд таашаадаггүй. Уг нь монголчууд бид бурханы шашиныг гэсэн ямар нэг “дархлаа”-тай байвал зүгээрсэн. Хэдийгээр хүн гээч амьтан зарим нэг салбар дээр глобалчлагдаж болох ч оюун ухаан, сэтгэл зүрхий асуудал дээр глобалчлагдаагүй байгаа юм.

endees uzenuu
http://www.orloo.info/videos?task=videodirectlink&id=4437

Saturday, September 12, 2009

ㅠ*ㅠ : Амитаба Д.Нямсүрэн






Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?


Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?


Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?


Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?


Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?


Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг, оргүй хоосон – алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...

Friday, September 11, 2009

리쌍 ft. ALI- 내가 웃는개 아니야 (I'm Not Laughing)





“Ээждээ бичсэн 1000 захидал”- ыг уншаад



Энэхүү номыг уншаад маш их ухаарлыг авлаа. Уйллаа. Дууллаа. Бас их зүйлийг ойлгож мэдлээ. Бүх захидалд ээждээ хайртайгаа илэрхийлсэн байна. Бас хожимдсон ухаарал, харуусал, өөрийгөө үзэн ядаж шийтгэсэн, өөртөө өгсөн амлалт, захиж сургасан захидлууд ч байна.

Энэ бүхнээс харахад, ээждээ хайртайгаа илэрхийлэх үрийн хүсэл, эх хүний үрээрээ хайрлуулах хүслийн уулзвар улам улам алсран холдсон шиг санагдлаа. Хүүхэд нь ээждээ хайртай гэж хэлж хайраа үйлдлээрээ илэрхийлэхийг хичнээн их хүссэн боловч хэлж зүрхэлдэггүй. Ээж нь үүнийг ойлгодог эсэх нь тодорхойгүй. Энэ бүхэнд хэний ч буруу байхгүй. Гагцхүү бидний хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд мөн эх үр хоёрт захидлуудад өгүүлсэн шиг нарийн холбоо, хүсэл эрмэлзэл, хэрэгцээ байгаа гэдгийг тэр бүр ойлгож олж мэдэх, мэдрэх бололцоо, ном зохиол дутмаг байгаатай холбоотой. Ээж гэдэг хүн бол эрхэм нандин хүн гэж хүн бүр л ярьдаг, бичдэг. Яагаад эрхэм нандин хүн юм гэдгийг нь ч бичдэг. Хүн бүр ээжтэй. Бас ээждээ хайртай.




Тэгвэл энэхүү номын үнэ цэнэ нь ээждээ сэтгэлийн үгээ хэлэх, хэлж сурах, хэлэх боломжийг олгож байгаагаараа давуу юм. Ээждээ хайртай гэж хэлэхийг, хайртай гэдгээ мэдрүүлэхийг хүсэвч хэрхэн илэрхийлэх ухаанаа олохгүй хүмүүс олон байна. Тэгвэл энэхүү бүтээл гарснаар эх үрийн хөндий харилцаа бүлээцэж, олон үрийн, олон эхийн дотор онгойж, хайрлах суваг нь нээгдэнэ гэдэгт итгэж байна.
Хүн бүр ээждээ хайртай, хайрлаж явдаг. Одоо хайрлахгүй байсан ч ээждээ хайртай байсан гэдгээ мэдрэх нь тодорхой учир яагаад одоо хайртайгаа илэрхийлж болохгүй гэж...




Ээждээ сайн сайхан үйлдлээрээ хайраа мэдрүүлж, өөрийнхөө сэтгэлийг нээвэл өөдрөг байхаас гадна, хэн нэгнийг хайрлаж байна гэдэг яаж ч бодсон сайн зүйл. Тухайн хүний цаашдын амьдралд хэрэгтэй. Ээжийгээ хайрлаж чаддаггүй хүн эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй гэж үг байдаг. Ээж маань бидний халуун дулаан хайрыг хүсч явдаг нь ойлгомжтой. Харин бид ээжийгээ байгаа дээр нь хайрлаж чадахгүй, хайртай гэж хэлж чадахгүй байсаар байгаад ээж нар маань биднээс хайр хүлээхээ больсон юм биш биз дээ. Биднийг ээждээ хайртай гэж хэлбэл гайхдаг, тийм эмгэнэлтэй болсон юм биш биз. Биднийг ээжийнхээ төлөө ямар нэг зүйл хийвэл




Ээж маань: - Өнөөдөр юу болчихов, миний хүү урьд нь ингэдэггүй байсан гэж хэлэхээр, ээжийн минь зүрх сэтгэл нь биднээс тийм хол байгаа юм биш биз.
Ээж хүн гэдэг хэзээд үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж ямар ч нөхцөлгүй, хайрладаг. Бид тэднээс хайр хүсээгүй байсан ч тэд бидний сайн сайхны төлөө залбирч үхэн үхтлээ хайрлаж байдаг хүн юм. Бид ээжтэйгээ хамт байхдаа ээждээ хайртай гэдгээ мэдэрдэг ч, нөгөө ертөнц рүү яваад өгөхөөр нь бүр ихээр мэдэрдэг.Тэгээд би ээжийгээ хайрлаж чадаагүй, түүний төлөө юу ч хийгээгүй гэж өнгөрсөн хойно нь харамсдаг. Өөрийгөө буруутгадаг. Үүний оронд одоо яагаад ээждээ хайртай гэдгээ маш ихээр мэдрээд, тэр хэмжээгээрээ ээжийнхээ төлөө бүхнийг зориулж болохгүй гэж...
Шүүдрийн усаар цай чанаж өгөөд ч ачийг нь хариулж чаддаггүй гэж манай ард түмэн ярьдаг. Шүүдрийн усаар цай чанаж өгөхийн оронд эх үрийн ариун нандин холбоо, хайр энэрлийг ойлговол эх нь үрээ, үр нь эхийгээ хайрлаж, хайрын халуун дулаан үгээ бие биедээ харамгүй хэлж, үйлдлээрээ хайртай гэдгээ илэрхийлэх болно.




Энэхүү номоос ямар их хайр, ямар их харуусал, ямар их ухааралыг мэдэрэв ээ..
Одоо энэ бүх хайраа үгээрээ илэрхийлж, үйлдлээрээ үзүүлэх цаг нь болжээ. Энэ бүхнийг уншин ухаарал авч, энэ цагаас эхлэн хожимдсон ухаарал, харууслын тоо аажим аажмаар багасаж байхгүй болно гэдэгт итгэж байна.




Энэхүү номыг уншиж эх үрийн холбоог ойлгосноор эх үрийн бодол сэтгэл, хүслийг ойлгосноор бид бүхэн ээжийнхээ ачийг хэзээ ч хариулж чаддаггүй гэх энэ бүрхэг, туйлын бүрхэг, гутранги, алдаа хийгээгүй мөртлөө насан туршдаа ээжийнхээ ачийг хариулж чадахгүй хэмээн харамсаж, өөрийгөө буруутгаж амьдрах ёстой ч юм шиг энэ гэрэл гэгээгүй ойлголтоос салж, ээжийнхээ ачийг хүн хариулж чаддаг юм, ээжийнхээ ачийг хариулах боломж хүн бүрт байдаг гэсэн гэрэл гэгээтэй өөдрөг үзэлтэй болж түүнийгээ биелүүлэх цаг ирсэн гэдэгт итгэж байна.





Тиймээ, энэ үнэн. Бид өдөр бүр боломж л гарвал ээждээ хайртай гэдгээ хэлж, буруу зүйл хийж сэтгэлийг нь зовоохгүй байж, хайртай гэдгээ илэрхийлэн ажилд нь тусалж, хэцүү бэрх үед нь хань болж сэтгэлийн дэм өгч, асарч тойлж аз жаргалыг бэлэглээд байх юм бол, бид ээжийнхээ ачийг хариулж байгаа хэрэг юм. Бид зовсон ч жаргасан ч хамтдаа байж зовлон жаргалаа хуваалцан ойлголцож, бие биенээ хайрлан амьдарч байгаа нь хэн хэний маань хувьд сайхан аз жаргалтай амьдрал. Бид хүн болж төрөөд сэтгэл хангалуун бие биенээ хайрлан хүндэлж хайраар дутахгүй аз жаргалтай амьдрах нь л бидний зорилго. Өөр бидэнд юу хэрэгтэй юм бэ?




Бид эх үр, ээж хүү хоёр яагаад бие биенээ хайрлах ёстой юм бэ? Эртнээс нааш өнөөг хүртэл эх үр хоёрын хооронд ямар холбоо байсан юм бэ? Одоо энэ талаар ямар ойлголт байдаг юм бэ? Бодит байдал ямар байна, хайр ухаарал, хожимдсон ухаарал, харуусал, энэ бүхэн юунаас үүсээд байна гэдгийг ойлгох учиртай. Үүнийг ойлгочихвол ээжийгээ харамсахааргүй хайрлаж, ээжийнхээ ачийг хариулах нь тийм ч хэцүү зүйл биш байх болно. Харин ч энэ бүхэн хүний амьдралын нэг хэсэг, амьдралын зорилго, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдралын баталгаа болно.




Ээждээ хайртай гэж бодох амархан. Хайр гэдэг бол үйлдэл гэж дэлхий нийтээр эртнээс нааш хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Та ээждээ хайртай бол, хайртай гэдгээ маш ихээр мэдрэхийг хүсвэл бас ээжийнхээ ачийг хариулахыг хүсвэл энэхүү номыг авч уншаад, өөрийнхөө сэтгэлийн үгийг бичээд ээждээ бэлэглээрэй. Энэ бол үйлдэл. Таны ээждээ хайртайн нэг баталгаа юм шүү.
Цаашид номоо уншсанаар ээжийнхээ ачийг хариулж болдог гэдгийн нууцыг олж мэдэх болно.




Мөн энэхүү бүтээлд 1000 хүн өөр өөрийнхөө өнцгөөс ээждээ хайраа илэрхийлсэн учир, амьдралд олон зүйл тохиолдог юм байна, хүн бүр өөр өөрөөр амьдардаг юм байна гэдгийг олж мэдэх болно. Бусадтай өөрийгөө харьцуулан өөртөө дүгнэлт хийнэ. Эх үрийн хайр гэдэг зүйлийг маш өргөн хүрээнд ойлгох боломжийг олгосон энэхүү бүтээл нь айл бүрийн хойморт залрах “Эрдэнийн сан Субашид” шиг сэтгэлийн боловсрол, ухаарлын сурах бичиг байх болно.




Хүн үхэхдээ юуг боддог гээч. Тэдэнд байсан өндөр албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгө зугаа цэнгэл, найз нөхөд энэ бүхэн юу ч биш хумхын тоос төдий. Харин би энэ амьдралаа сайхан муухай ямар амьдарч вэ гэдгийн шалгуур нь бусдад өгсөн хайр, бусдаас авсан хайраар л хэмжигддэг юм.
Хүн бүрт аз жаргалтай амьдралыг хүсье.






МУИС-ХЗС- 3-р курсын оюутан Б.Хандмаа

Та хувь тавилангаа өөрөө бүтээдэг үү? Эсвэл





Оросын өндрийн харайлтын нэгэн алдарт тамирчин болон Оросын нэрт эмч хоёрын амьдралын хүнд хэцүү үед хэрхэн тэмцэж амжилтад хүрсэн тухай номыг уншиж, өөрийн ширээний ном болгож хадгалж байсан юм. Амьдралын их нугачаан дунд тохиолдох олон ээдрээтэй асуудлуудыг давж гаран өөрийн үнэ цэнээ бий болгоход өөртөө итгэх итгэл л чухал тулгуур болдог. “Би үүнийг хийж чадна” гэж өөртөө итгэж, хийж чадахын төлөө өөрийн боломж хүч чадлаа дайчлан зүтгэх нь амжилтад хүрэхийн эхлэл болно.



“Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” гэдэгчлэн олон бэрхшээл саад тулгарч, мухардах авч хийж бүтээх гэсэн оргилуун хүсэл ямар нэгэн боломжийг заавал олж хардаг. Миний нэг танил “Алив юмыг хийж бүтээх гэж оролдох бүрд 9 хаалга хаагдаж байхад 1 хаалга нь онгойж байдаг” гэж хэлж байсан. “Ажил хийх хүнд арга нь олдоно, хийх дургүй хүнд шалтаг олдоно” гэдэг үг ч үүнтэй утга нэг билээ. Тийм ээ! “Би үүнийг хийж чадна, чадах ч ёстой” гэдэг итгэлийг цаг ямагт өөртөө тээж явах нь үнэхээр чухал. Ингэснээр таны амьдрал утга учиртай, хөгжилтэй бас баяр баясгалантай байж чадна. Хүний өөртөө итгэх итгэл, зорьсондоо хүрэх зүтгэл, үүний төлөөх хариуцлага хүнийг хөгжүүлдэг. Та нэг л хэвийн амьдралаас бус өөрийн хүсэл тэмүүллээр өөрчилж өөрчлөгдөж байдаг амьдралаас хөгжиж бас тааламжит мэдрэмжийг хүртэж байх болно. Та энэ ертөнцөд агуу мундаг хүн болох албагүй ч өөрөө өөрийнхөө амьдралыг жолоодож, өөрийн боломж хүслээрээ сайхан амьдралаа бий болгох албатай. Үүний тулд гагцхүү өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.



1. Итгэлийг бүр багаас нь.




Хүүхэд төрүүлэх амархан, харин хүн болгон төлөвшүүлэх амаргүй. “Чи тэгж болохгүй, ингэж болохгүй, чи үүнийг чадахгүй, боль” гэсэн олон хоригууд, “Яагаад” гэсэн асуултын хариуд хэлэх “мэдэхгүй” гэдэг мянган үгийн таглаа хүүхдэд тань бий болох өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулж, алив зүйлд идэвхгүй хүлцэнгүй хандлагыг бий болгодог. Ийм хандлага нь хүүхдийг алив зүйлд ухамсраар биш албадлагаар ханддаг, шийдвэр гаргахдаа аав ээжийн амыг дагадаг “дуулгавартай” хүмүүжилд сургана. Тэр ч байтугай том болж, өрх толгойлох цагт гэрийг нь бэлдэж, заяаных нь ханийг сонжиж, хэрхэн амьдрахыг нь зааж , хянах гэж дэргэд нь амьдарна. Ийм ёс заншлаар аав ээжийн дуулгавартай залуу үе өөртөө итгэх итгэлгүй, аавын болон хадмын хаяаг түшиж амьдарцгаасаар. Ийм тавилангаар зарим залуу хосууд хайртай хүнтэйгээ бас хадмуудтайгаа хамтад нь “гэрэлнэ”. Идэх хоол, өмсөх хувцас, гэртээ худалдаж авах зүйлээ хүртэл аав ээжээсээ асууж “эрхлэх” тэд өөртөө итгэх итгэл, бие даан амьдрах чадвараа алдаж, алив зүйлийн бурууг өөрөөсөө биш өрөөл бусдаас хайдаг муу зуршилтай болцгоодог. Хэзээ ч өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж хариуцлагаа үүрч үзээгүй тэднийг буруутгаад яах ч билээ. Та өөрийн балчир үрсээ элдвийг асууж шулганах бүрд нь төвөгшөөж, цааргалалгүйгээр хариулж тайлбарлаж байх нь хүүхэд тань алив зүйлийн учрыг ойлгож, өөрийн бодол санаагаар дүгнэх боломжийг олгож байгаа хэрэг. “Миний хүү чаднаа, оролдоод үз”, “Миний хүү мундаг шүү дээ, чи чадалгүй яахав” гэхчилэн алив оролдлого бүрийг урмаар тэтгэж байх нь хүүхдийн тань өөртөө итгэх итгэлийг соёолуулах шимт хөрс нь болно. Харин “Чи тэдний тэрийг хар, тэгэхэд чи яачихсан хүүхэд вэ?” гэж харьцуулан зэмлэх нь хүүхдэд үлгэр болохоос илүүтэй атаа хорслыг төрүүлдэг муу талтай. Том болсон хойно нь алхам бүрийг нь хянаж цагдан, үглэж дуулахын оронд өөрт нь итгэл өгч, биеийг нь даалган алив зөв болон буруу шийдвэрийнхээ сайн муу үр дүнг өөрөө хариуцаж сургах нь амьдралаас ухаажиж, илүү сайн боломжуудыг олж харахад тусална. Сайн эцэг эх л хүүхэддээ илэн далангүй ярьж зөвлөдөг, санаа бодлоо хуваалцдаг сайн “найз нь” болон хувирдаг. Тийм ээ! Хүүхдээ бүр багаас нь өөртөө итгэлтэй бие даасан сайн муу алив үйлдлийнхээ үр дагаврыг өөрөө хариуцаж чаддаг болгон төлөвшүүлэх нь тун чухал.



2. Нийгмийн золиос.




Бидний үеийнхэн аав ээжийн дэргэдээс холдон бүх шатны сургуулиар дамжин мэргэжил эзэмшин “нийгмийн баялгийг бүтээгч”, “эх орондоо хэрэгтэй” хүн болтлоо нийгмийн ялгаварлан гадуурхах гаж тогтолцооны золиос болж байсан гашуун түүхтэй. Эрдэм сурч, эх орондоо ихийг бүтээх чин эрмэлзлэл дүүрэн балчир хүүхдүүд сургуулийн босго алхсан цагаасаа “oнц буюу сайн сурлагатан”, “дунд буюу муу сурлагатан” гэсэн ангилалад хуваагдана. Энэ ангилал нь зөвхөн дүнгээр төдийгүй хүүхдийг хүүхдээр нь дарамтлуулдаг гаж тогтолцооны илрэл байлаа. Хэрэв та санаж байгаа бол “дунд буюу муу сурлагатан” ангилал нийт суралцагсдын бараг 70-80% нь байсан гээд бодохоор өнөөгийн нийгмийн золиос ийм хувийг эзэлж байна гэсэн үг. Чухам үүний уршгаар өсвөр насны олон олон хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, хөгжиж болох авьяас чадвар, хүсэл тэмүүлэл унтарч алга болсон . Энэ золиосны уршгаар өнөө ч олон залуус өөрийн хөгжиж чадаагүй авьяас чадвар боломжийн төлөө харамсан гомдож явдаг нь нууц биш. Сургуульд сурч байхдаа бусдаас илүү хөдөлгөөнтэй, хэл ам таталж байдаг байсан хүүхдүүд өнөө цаг дор амьдралд арай илүү хөлөө олж явж чадаж байгаа нь ажиглагддаг. Магадгүй тэдний бяцхан сахилгагүйтэл нь тэр ялгаварлыг үл тэвчих эсэсргүүцлийн илрэл байсан байж болох юм гэж одоо хэр надад бодогддог юм. Социализмын үед бүх нийтээр социалист уралдаанаар жигүүрлэн далавчилж уралддаг байсан. Хүн өөрийн хийх ажлаа ухамсартайгаар сайн хийж гүйцэтгэхийн оронд өөр хоорондоо заавал өрсөлдөн уралдаж тэр хэмжээгээрээ ангилалд хамрагдаж байх учиртай. Хүндэт самбарын зураг, тэргүүн туршлагын эзэн, таван жилийн гавшгайч, баярын бичиг үнэ бүхий зүйлээс эхлээд одон медаль хүртэлх шагналын тогтолцоо нь та хэн нэгнээс илүү буюу дутуу гэдгээ заавал мэдэрч харьцуулагдаж байхын илрэл байж. Эндээс л олон хүний өөртөө итгэх итгэл, ажлын төлөө хандах чин үнэнч сэтгэл алдагдаж, бусадтай барьцах атаархаж хорсон бусдыг муулах сэтгэлгээг илүү хөгжүүлсэн. Хүн алив зүйлийг сайн сурч, хөгжиж, ажил хөдөлмөр хийж их мөнгө олон тэр хирээр сайхан амьдрах нь өөрийнхөө төлөө хийж байгаа зүтгэл юм. Энэ нь эх орныхоо болон бусдын төлөө хийж байгаа зүйл биш. Харин таны хөгжил хүмүүжил, хийж бүтээж байгаа зүйл тань бусдад сайнаар нөлөөлж байгаа бол энэ нь таны эх орон болон бусдад тусалж байгаа сайн үйлс болдог. Үүний тулд танд өөртөө итгэх иргэл илүү сайнаар нөлөөлнө. Өнөөдөр олон хүмүүс өөрийгөө таньж бас өөрчлах гэж хичээж байна. Та өөртөө итгэлтэй байвал, хүссэнээ хийж чадах болно.



3. Та хувь заяаныхаа эзэн нь.




Хүмүүс өөртөө итгэлгүй болоод ирэхээрээ бусдын амыг харж , шийдвэрийг сонсохыг хүсдэг. Олон ийм хүмүүс хувь заяагаа мэрэглүүлэхээр, хийморийн сан тавиулж ном уншуулж засал хийлгэхээр мөнгөө зарцуулж бусдад ханддаг. Хүний сэтгэл санаанд нөлөөлдөг ямар нэгэн хүчин зүйл байж болохыг би үгүйсгэдэггүй. Харин ямар хүнтэй амьдралаа холбох, аян замд хэдийд гарч болох, хэзээ хаашаа нүүх, үсээ засуулах, ямар бизнес хийж болох, ямар өнгөтэй машин худалдаж авбал зүгээр гэхчилэн аар саар олон асуудлуудыг бусдаас асууж шийдүүлээд байх нь хэр үнэмшилтэй байх бол. Ингэтлээ өөрийн итгэлээ алдах хэрэг юусан билээ. Ийм асуудлуудад хүн өөрийн боломж , цаг хугацааны зохицолдоогоор өөрөө шийдэж сайн муу үр дагаврыг нь өөрөө хариуцаж байх учиртай. Хүн алив нэгэн үйлдлээс учирч болох хариуцлагаас зайлсхийх гэж ийм зүйлийг сонгодог байх л даа. Харин өөртөө итгэж гарагсан шийдвэрийнхээ төлөө хариуцлагаа өөрөө хүлээдэг болохоор итгэл хариуцлага хоёр хамтдаа байдаг гэсэн үг. Судалгаа тооцоогүй аз туршиж хийсэн бизнесийн алдагдлыг мэргэлж өгсөн хүн тань үүрэхгүй харин та л үүрэх болно. Тэгэхээр яаж ч бодсон та л өөрийн хувь заяаныхаа эзэн нь. Сэтгэлдээ багтааж, өөртөө итгэж хийсэн алив үйлдлийнхээ сайн муу үр дагаврыг та өөрөө л амсаж, өрөөл бусдад биш зөвхөн өөртөө баярлаж бас харамсдаг. Бүтэлгүй хайр дурлал, өөр ямар нэгэн бүтэлгүй тохиолдлын улмаас өөрийн амиа егүүтгэсэн тухай сонсохдоо, тэвчээр өөрийгөө ялах итгэл аминаас нь хэцүү байна гэж үү гэж харамсах сэтгэл төрдөг. Архинд толгойгоо мэдүүлчихээд гарч чадахгүй элдвийн хүн дээр очиж янз бүрийн засал хийлгэж, элдэв зүйл ууж идэн аргаа барж яваа хүний өөртөө итгэх итгэл нь ууж байгаа архиных нь ёроолд байдаг. Тэд архиа өөртөө итгэх итгэлтэйгээ хамтад нь ууж байгаагаа анзаардаггүй. Тийм ээ! Хүн та өөрөө өөрийнхөө хувь заяны эзэн нь. Таны амьдрал хувь заяаг хэн нэгэн мэргэч төлөгч бус таны өөртөө итгэх итгэл тань авч явдаг.


Төгсгөл. Таны амьдралд сайн муу элдэв зүйл тохиолддог. Хэрэв та анзаарч мэдэрвэл танд их боломж авьяас чадвар бий. Та түүнийгээ л олж хөгжүүлэхийг хичээ. Цаг ямагт “Би үүнийг хийж чадна” гэж өөртөө итгүүлж бай. Үүний ачаар та хүнд өвчнөө ялан дийлж, зовлон шаналалаа давж гарч, бизнес тань амжилттай болж, авьяас чадвар тань бусдыг бишрүүлэх болно. Өөртөө итгэж, өөрийн боломж чадвараа ашиглан хийж бүтээхээр зүтгэвэл олон боломж танд олдож, аль нэгэн хаалга таны өмнө нээгдэх болно. Та өөрөө өөртөө эзэн. Хэнд ч юунд ч биш гагцхүү өөртөө л итгэ. Тэгвэл танд аз болон амжилт ирэх болно. Та өөрийгөө бусдаас дутуу биш илүү гэдэгтээ итгээрэй. Та олон зүйлийг өөрчилж, бүтээж чадна. Танд амжилт хүсье.



"Яруу сэтгэгч" сонины зөвлөх, нийтлэлч


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах