Friday, September 11, 2009
“Ээждээ бичсэн 1000 захидал”- ыг уншаад
Энэхүү номыг уншаад маш их ухаарлыг авлаа. Уйллаа. Дууллаа. Бас их зүйлийг ойлгож мэдлээ. Бүх захидалд ээждээ хайртайгаа илэрхийлсэн байна. Бас хожимдсон ухаарал, харуусал, өөрийгөө үзэн ядаж шийтгэсэн, өөртөө өгсөн амлалт, захиж сургасан захидлууд ч байна.
Энэ бүхнээс харахад, ээждээ хайртайгаа илэрхийлэх үрийн хүсэл, эх хүний үрээрээ хайрлуулах хүслийн уулзвар улам улам алсран холдсон шиг санагдлаа. Хүүхэд нь ээждээ хайртай гэж хэлж хайраа үйлдлээрээ илэрхийлэхийг хичнээн их хүссэн боловч хэлж зүрхэлдэггүй. Ээж нь үүнийг ойлгодог эсэх нь тодорхойгүй. Энэ бүхэнд хэний ч буруу байхгүй. Гагцхүү бидний хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд мөн эх үр хоёрт захидлуудад өгүүлсэн шиг нарийн холбоо, хүсэл эрмэлзэл, хэрэгцээ байгаа гэдгийг тэр бүр ойлгож олж мэдэх, мэдрэх бололцоо, ном зохиол дутмаг байгаатай холбоотой. Ээж гэдэг хүн бол эрхэм нандин хүн гэж хүн бүр л ярьдаг, бичдэг. Яагаад эрхэм нандин хүн юм гэдгийг нь ч бичдэг. Хүн бүр ээжтэй. Бас ээждээ хайртай.
Тэгвэл энэхүү номын үнэ цэнэ нь ээждээ сэтгэлийн үгээ хэлэх, хэлж сурах, хэлэх боломжийг олгож байгаагаараа давуу юм. Ээждээ хайртай гэж хэлэхийг, хайртай гэдгээ мэдрүүлэхийг хүсэвч хэрхэн илэрхийлэх ухаанаа олохгүй хүмүүс олон байна. Тэгвэл энэхүү бүтээл гарснаар эх үрийн хөндий харилцаа бүлээцэж, олон үрийн, олон эхийн дотор онгойж, хайрлах суваг нь нээгдэнэ гэдэгт итгэж байна.
Хүн бүр ээждээ хайртай, хайрлаж явдаг. Одоо хайрлахгүй байсан ч ээждээ хайртай байсан гэдгээ мэдрэх нь тодорхой учир яагаад одоо хайртайгаа илэрхийлж болохгүй гэж...
Ээждээ сайн сайхан үйлдлээрээ хайраа мэдрүүлж, өөрийнхөө сэтгэлийг нээвэл өөдрөг байхаас гадна, хэн нэгнийг хайрлаж байна гэдэг яаж ч бодсон сайн зүйл. Тухайн хүний цаашдын амьдралд хэрэгтэй. Ээжийгээ хайрлаж чаддаггүй хүн эмэгтэй хүнийг хайрлаж чаддаггүй гэж үг байдаг. Ээж маань бидний халуун дулаан хайрыг хүсч явдаг нь ойлгомжтой. Харин бид ээжийгээ байгаа дээр нь хайрлаж чадахгүй, хайртай гэж хэлж чадахгүй байсаар байгаад ээж нар маань биднээс хайр хүлээхээ больсон юм биш биз дээ. Биднийг ээждээ хайртай гэж хэлбэл гайхдаг, тийм эмгэнэлтэй болсон юм биш биз. Биднийг ээжийнхээ төлөө ямар нэг зүйл хийвэл
Ээж маань: - Өнөөдөр юу болчихов, миний хүү урьд нь ингэдэггүй байсан гэж хэлэхээр, ээжийн минь зүрх сэтгэл нь биднээс тийм хол байгаа юм биш биз.
Ээж хүн гэдэг хэзээд үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж ямар ч нөхцөлгүй, хайрладаг. Бид тэднээс хайр хүсээгүй байсан ч тэд бидний сайн сайхны төлөө залбирч үхэн үхтлээ хайрлаж байдаг хүн юм. Бид ээжтэйгээ хамт байхдаа ээждээ хайртай гэдгээ мэдэрдэг ч, нөгөө ертөнц рүү яваад өгөхөөр нь бүр ихээр мэдэрдэг.Тэгээд би ээжийгээ хайрлаж чадаагүй, түүний төлөө юу ч хийгээгүй гэж өнгөрсөн хойно нь харамсдаг. Өөрийгөө буруутгадаг. Үүний оронд одоо яагаад ээждээ хайртай гэдгээ маш ихээр мэдрээд, тэр хэмжээгээрээ ээжийнхээ төлөө бүхнийг зориулж болохгүй гэж...
Шүүдрийн усаар цай чанаж өгөөд ч ачийг нь хариулж чаддаггүй гэж манай ард түмэн ярьдаг. Шүүдрийн усаар цай чанаж өгөхийн оронд эх үрийн ариун нандин холбоо, хайр энэрлийг ойлговол эх нь үрээ, үр нь эхийгээ хайрлаж, хайрын халуун дулаан үгээ бие биедээ харамгүй хэлж, үйлдлээрээ хайртай гэдгээ илэрхийлэх болно.
Энэхүү номоос ямар их хайр, ямар их харуусал, ямар их ухааралыг мэдэрэв ээ..
Одоо энэ бүх хайраа үгээрээ илэрхийлж, үйлдлээрээ үзүүлэх цаг нь болжээ. Энэ бүхнийг уншин ухаарал авч, энэ цагаас эхлэн хожимдсон ухаарал, харууслын тоо аажим аажмаар багасаж байхгүй болно гэдэгт итгэж байна.
Энэхүү номыг уншиж эх үрийн холбоог ойлгосноор эх үрийн бодол сэтгэл, хүслийг ойлгосноор бид бүхэн ээжийнхээ ачийг хэзээ ч хариулж чаддаггүй гэх энэ бүрхэг, туйлын бүрхэг, гутранги, алдаа хийгээгүй мөртлөө насан туршдаа ээжийнхээ ачийг хариулж чадахгүй хэмээн харамсаж, өөрийгөө буруутгаж амьдрах ёстой ч юм шиг энэ гэрэл гэгээгүй ойлголтоос салж, ээжийнхээ ачийг хүн хариулж чаддаг юм, ээжийнхээ ачийг хариулах боломж хүн бүрт байдаг гэсэн гэрэл гэгээтэй өөдрөг үзэлтэй болж түүнийгээ биелүүлэх цаг ирсэн гэдэгт итгэж байна.
Тиймээ, энэ үнэн. Бид өдөр бүр боломж л гарвал ээждээ хайртай гэдгээ хэлж, буруу зүйл хийж сэтгэлийг нь зовоохгүй байж, хайртай гэдгээ илэрхийлэн ажилд нь тусалж, хэцүү бэрх үед нь хань болж сэтгэлийн дэм өгч, асарч тойлж аз жаргалыг бэлэглээд байх юм бол, бид ээжийнхээ ачийг хариулж байгаа хэрэг юм. Бид зовсон ч жаргасан ч хамтдаа байж зовлон жаргалаа хуваалцан ойлголцож, бие биенээ хайрлан амьдарч байгаа нь хэн хэний маань хувьд сайхан аз жаргалтай амьдрал. Бид хүн болж төрөөд сэтгэл хангалуун бие биенээ хайрлан хүндэлж хайраар дутахгүй аз жаргалтай амьдрах нь л бидний зорилго. Өөр бидэнд юу хэрэгтэй юм бэ?
Бид эх үр, ээж хүү хоёр яагаад бие биенээ хайрлах ёстой юм бэ? Эртнээс нааш өнөөг хүртэл эх үр хоёрын хооронд ямар холбоо байсан юм бэ? Одоо энэ талаар ямар ойлголт байдаг юм бэ? Бодит байдал ямар байна, хайр ухаарал, хожимдсон ухаарал, харуусал, энэ бүхэн юунаас үүсээд байна гэдгийг ойлгох учиртай. Үүнийг ойлгочихвол ээжийгээ харамсахааргүй хайрлаж, ээжийнхээ ачийг хариулах нь тийм ч хэцүү зүйл биш байх болно. Харин ч энэ бүхэн хүний амьдралын нэг хэсэг, амьдралын зорилго, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдралын баталгаа болно.
Ээждээ хайртай гэж бодох амархан. Хайр гэдэг бол үйлдэл гэж дэлхий нийтээр эртнээс нааш хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Та ээждээ хайртай бол, хайртай гэдгээ маш ихээр мэдрэхийг хүсвэл бас ээжийнхээ ачийг хариулахыг хүсвэл энэхүү номыг авч уншаад, өөрийнхөө сэтгэлийн үгийг бичээд ээждээ бэлэглээрэй. Энэ бол үйлдэл. Таны ээждээ хайртайн нэг баталгаа юм шүү.
Цаашид номоо уншсанаар ээжийнхээ ачийг хариулж болдог гэдгийн нууцыг олж мэдэх болно.
Мөн энэхүү бүтээлд 1000 хүн өөр өөрийнхөө өнцгөөс ээждээ хайраа илэрхийлсэн учир, амьдралд олон зүйл тохиолдог юм байна, хүн бүр өөр өөрөөр амьдардаг юм байна гэдгийг олж мэдэх болно. Бусадтай өөрийгөө харьцуулан өөртөө дүгнэлт хийнэ. Эх үрийн хайр гэдэг зүйлийг маш өргөн хүрээнд ойлгох боломжийг олгосон энэхүү бүтээл нь айл бүрийн хойморт залрах “Эрдэнийн сан Субашид” шиг сэтгэлийн боловсрол, ухаарлын сурах бичиг байх болно.
Хүн үхэхдээ юуг боддог гээч. Тэдэнд байсан өндөр албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгө зугаа цэнгэл, найз нөхөд энэ бүхэн юу ч биш хумхын тоос төдий. Харин би энэ амьдралаа сайхан муухай ямар амьдарч вэ гэдгийн шалгуур нь бусдад өгсөн хайр, бусдаас авсан хайраар л хэмжигддэг юм.
Хүн бүрт аз жаргалтай амьдралыг хүсье.
МУИС-ХЗС- 3-р курсын оюутан Б.Хандмаа
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment